Дэлхий даяар халдвараар нас барсан хүний тоо 500 мянга давлаа

ЛОНДОН. /Reuters/. Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо ням гарагт хагас сая давсныг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль, “Reuters” агентлагийн тоон мэдээлэл харууллаа. Зарим бүс нутаг халдварын эхний давлагаатай тэмцэж байгаа бол зарим оронд халдвар дахин тархаж эхэлж байна.

Шинэ коронавирусээр үүсгэгддэг амьсгалын замын уг өвчин нь өндөр настай хүмүүсийн амь насанд илүү халтай байгаа хэдий ч халдвар авсан 10 сая гаруй хүн, халдвараар нас барсан 500 мянган хүний дунд насанд хүрэгчид, хүүхдүүд ч мөн багтаж байгаа юм.

Хэдийгээр сүүлийн хэдэн долоо хоногт нас баралтын түвшин тогтворжиж буй байдал ажиглагдаж байгаа боловч АНУ, Энэтхэг, Бразилд халдварын шинэ тохиолдлын тоо өмнө байгаагүй хэмжээнд хүрч, Азийн зарим оронд шинэ тархалт гарч байгаад эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовниж байна.

“Reuters” агентлаг зургадугаар сарын 1-27-нд бүртгэгдсэн нас барсан тохиолдлыг тооцоолж үзэхэд, “COVID-19”-ийн улмаас 24 цаг тутам 4700 гаруй хүн нас баржээ. Энэ нь цагт 196 хүн, 18 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн үг юм.

Халдвараар нас барсан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь АНУ-д бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед тус улсын өмнөд, баруун нутгийн муж улсуудад халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлжээ. Эдгээр муж улс нь бусад муж улстай харьцуулахад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эрт, эрчимтэйгээр сулруулсан аж.

Латин Америкт илэрсэн халдварын тохиолдлын тоо ням гарагт Европынхыг давснаар цар тахал хамгийн их тархсан бүс нутгуудын жагсаалтад Хойд Америкийн араас хоёрдугаарт бичигдэж эхэлсэн байна.

Шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд Хятадын Ухань хотод бүртгэгдсэн бөгөөд 61 настай уг иргэн халдвар анх дэгдсэн хэмээн үзэж буй далайн бүтээгдэхүүний захын байнгын үйлчлүүлэгч байжээ.

Түүнээс хойш тавхан сарын дотор “COVID-19”-өөр нас барсан хүний тоо хамгийн аминд халтай халдварт өвчин болох хумхаа өвчнөөр жилд амь насаа алддаг хүний тоог давжээ. Мөн уг халдвараар сард дунджаар 78 мянган хүн нас барж байгаа нь ДОХ, хумхаа өвчний ижил үзүүлэлтийг давсан байна. Дэлхий эрүүл мэндийн байгууллагын 2018 оны мэдээллээр, ДОХ-ын улмаас сард 64 мянга, хумхаа өвчний улмаас сард 36 мянган хүн нас барсан байна.

https://montsame.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close