Д.Нямхүү: 10 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй харин 10 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байгааг дуулгалаа.

Тэрбээр энэ талаар “Улсын хэмжээнд өчигдөр 249 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд, ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 16 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 39 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн, Замын-Үүдийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 173 жолоочийн шинжилгээ багтсан бөгөөд бүгд сөрөг гарчээ.

Эдгэрсэн хүмүүс 19-35 насны долоон эрэгтэй, гурван эмэгтэй бөгөөд ОХУ-д суралцаж байсан оюутнууд юм. Тэднийг 28-41 хоног эмчилжээ.

Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 215 бүртгэгдсэнээс 168 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 47 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 41 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүнийх хүндэвтэр байна.

 ХӨСҮТ-д одоогоор 94 хүн тандалт, эмчилгээнд байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close