Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гарагт иргэд, олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч буй. Хотын Захирагч энэ удаагийн Мэдээллийн цагийнхаа эхэнд дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн цар тахлын эсрэг гадаадын зарим хотуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл өглөө. Бээжин, Сөүл, Тохио хотуудад цах тахлын халдварын тохиолдол дахин бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэн бүр халдвараас урьдчилсан сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж ажиллахыг хотын Захирагч анхаарууллаа.

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянаж эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Энэ нь хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд  шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжийн аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 24.770 тээврийн хэрэгсэл, 64.512 зорчигч хяналт тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Номын сан, музейн үйл ажиллагааг нээлээ

Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж багаа билээ. Тухайлбал, амралын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдэв. Гэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар зохион байгуулахыг анхаарууллаа. Мөн худалдаа үйлчилгээний газрууд, ресторан зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгохоор бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

Залууст зориулсан Инновацийн төвийг байгуулна

Яармаг дахь нийслэлийн төр захиргааны шинэ байрны B блокт залууст зориулсан Инновацийн төвийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулах болсон талаар хотын Захирагч мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотод инновацын экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлэх, инновацад суурилсан бизнес буюу гарааны бизнесийг дэмжих Нийслэлийн анхны инновацийн төв “HUB Инновацийн Төв”-ийг 2018 онд нийслэлээс байгуулсан бол энэ удаа БНСУ-ын Засгийн газартай хамтран 4.5 сая ам долларын буцалтгүй тусламжаар “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХАБ-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХАМТРАН АЖИЛЛАХ” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Энэхүү төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, гарааны бизнесийг дэмжих замаар Монгол Улсад стартАпын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох, мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготойгоор 2021-2023 оны хооронд хэрэгжих юм. Инновацийн тусламжтайгаар нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бизнесүүдийг хөгжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй болгох, инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох боломж нээгдэж аж.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Урин дулааны цагт гол усанд осолдох эрсдэл их байдаг тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот орчмын гол, тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн  Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. НОБГ,  нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын давхардсан тоогоор 268 алба хаагч  41  нэгж техниктэйгээр Туул,  Хэрлэн, Тэрэлж гол дагуу эргүүл хийж, 8713 иргэнд сэрэмжлүүлэг яриа  хийж,  санамж материал тарааж, 1143  автомашиныг голын ногоон бүсээс  холдуулан,  голд суусан 8  автомашиныг татаж гарган  аюулгүй болгож 2 хүний амийг аварсан боловч дөрвөн иргэн усанд осолдож амь насаа алдсан харамсалтай явдал гарчээ. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэлж, ярьж анхааруулсаар байхад гол усанд живж, амь насаа алдах харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ жил бороо хур элбэгтэй жил болж байгаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд бэлтгэлээ сайн базаах, үер усны аюул эрсдэлээс болгоомжлох, иргэд олон нийтэд анхааруулга хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээг байнга гаргаж байх тал дээр анхааран ажиллах нь зүйтэй” хэмээлээ.

Энэ удаагийн мэдээллээр хотын Захирагч С.Амарсайхан хувийн эзэмшилд шилжсэн Сүхбаатарын талбайн урд авто зогсоол, цэцэрлэгт талбай,  “Улаанбаатар” зочид буудлын урд цэцэрлэг,  Гутлын 22-ын хойно Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Хөрөнгийн биржийн хажуугийн 0.07 га газар, Драмын театрын хойд талын Цэдэнбалын хөшөөт талбай, хуучин Филорманийн талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн зэргийг нийтийн эзэмшилд буцаан авч тохижуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн энэ жил  нийслэлд 52.7 км дугуйн замын ажил хийгдэж буй. Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх дугуйн замын ажил дуусах шатандаа орсон байгаа бол Налайхын 20.9 км авто замын дутуу ажлууд болон дугуйн замын ажил эхэлсэн талаар мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close