Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар зарлигаар Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Ажлын албанд өнөөдөр /2020.06.22/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн уншиж сонордууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн болон Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хариуцлагатай үед олон жил шүүгчээр ажилласан туршлагатай хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсонд баяртай байна.

Хуульчдаас шүүгчийг шилж сонгох болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Таныг үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэлтэй байна” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан талархал илэрхийлээд “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүнд ажиллах мөрийн  хөтөлбөрийг маань Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонх нь дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч томилсонд баяртай байна.

Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг болон Монгол Улсын шүүх, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа дайчлан ажиллана” хэмээв.

Танилцуулга:

Дашнямын Цогтсайхан

Боловсрол:

  • 1973-1983 онд Өмнөговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 1983-1988 онд МУИС-ийн хууль зүйн сургууль.

Мэргэжил:

Эрх зүйч

Ажилласан байдал:

  • 1988 онд Дорноговь аймгийн шүүхэд дадлагажигч ажилтан,
  • 1988-1991 онд Дорноговь аймгийн ардын хэсгийн /хуучнаар/ 5 дугаар шүүхэд шүүгч,
  • 1991 онд Хууль зүйн яамны Шүүхийн зохион байгуулалтыг удирдах газарт зааварлагч,
  • 1991-1996 онд “Билгүүн” ББХК-д хуулийн зөвлөх,
  • 1996-2001 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч,
  • 2001-2006 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч,
  • 2006-2008 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч,
  • 2008-2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн  шүүгч, Ерөнхий шүүгч,
  • 2013-2015 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч,
  • 2015 оны 7 сараас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close