Хүй 7 худагт “Монгол өв соёлын цогцолбор” байгуулна

Монгол үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх, тэтгэн дэмжих ажлыг төрийн бодлогоос гадна үндэсний соёлыг хайрлан хамгаалах, түүнд хүндэтгэлтэй хандах, хүүхэд залууст өвлүүлэх нь иргэн бүхэнд хамаатай асуудал билээ. Монголчууд монголоороо аж төрж бусдаас ялгаран орших чухал хүчин зүйл нь уламжлалт соёл гэж үзвэл юуны түрүүнд монгол соёлын дархлааг бэхжүүлэх, түүнийг төрөөс бодлогоор тэтгэн дэмжих явдал чухал бөгөөд хүүхэд, залуус цаашлаад бүх насныханд үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх ажлыг нэн яаравчлан эхлэх нь зүйтэй юм.

Монгол Улсын иргэн бүрийн үндэсний соёлын дархлаа бат бөх байх нь даяарчлалын өнөө үед язгуур болон уламжлалт соёлоо алдаж гээхгүй, өөрийн өвөрмөц соёлоороо ялгаран орших үндсийг бүрдүүлэх учиртай. Тиймээс нарийвчилсан судалгааны үндсэн дээр соёлын биет бус өвд тулгуурласан иж бүрэн байгууламж, өв соёлын цогцолборыг байгуулж улмаар соёлын аялал жуулчлалын орчин үеийн хандлага болох “бүтээлч аялал жуулчлал”-ын зарчмаар, сонирхолтой хэлбэрээр өв соёл, уламжлалаа сэргээн, иргэн бүрийн соёлын дархлааг бэхжүүлэх зүй ёсны шаардлага урган гарсан гэж “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-ны хамт олон үзэж “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа хэвлэлийн хурал хийж олон нийтэд танилцууллаа.

Хэвлэлийн хуралд Э.Цэнд-Аюуш /Нийслэлийн соёл, урлагийн газрын хэлтсийн дарга, Төслийн удирдагч/, Б.Мөнхбадрал /Монголын соёлын аялал жуулчлалын холбооны тэргүүн, Төслийн ерөнхий зохицуулагч, Ph.D/, Э.Мөнхбаясгалан /Монгол өв соёлын цогцолбор ХХК-ийн захирал, Төслийн ерөнхий менежер, Г.Энхбат /Соёлын өвийн үндэсний төвийн захирал, Ph.D/, Г.Пүрэвдагва /Увертюра хамтлагийн ахлагч, СТА/, Г.Баяртай /СББӨ-ийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн билиг авъяастан, Боловсрол, Соёлын ТА/ нар оролцож “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн талаар болон “Монгол соёл” онлайн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүрэлцэн ирсэн сэтгүүлчид, иргэд, олон нийтэд хүргэлээ.

“Монгол өв соёлын цогцолбор”-ыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын улсын тусгай хамгаалалтын газарт байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн үндсэн ангилалд үндэслэсэн Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн 7 ай савын агуулга, төрөлд тулгуурласан, нийт монголчуудын үнэт зүйл, үндэсний бахархлыг шингээсэн “Монгол өв соёлын цогцолбор”-ыг эх оронч үзэл, үндэсний өвөөрөө бахархах сэтгэл, өөриймсөг санаачлагаас үүдэлтэй ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хандив, тусламжаар бүтээн байгуулахаар зорьж буй нь “Үндэсний өв соёл бол Монголын ард түмний өмч тул нийтээрээ үнэт зүйлийнхээ төлөө хамтдаа алхам хийцгээе” гэсэн уриалга юм.

Тус төслийн хандив тусламжийн аянд одоогийн байдлаар хэд хэдэн аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд хандив өргөхөө мэдэгдсэн бөгөөд цаашид өв соёлоо дээдлэгч ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хандивын давалгааг үүсгэж, Монголчууд монгол өв соёлынхоо цогцолборыг хамтдаа бүтээх юм. Түүнчлэн хандивлагчдыг “Монгол өв соёлын цогцолбор”-ын “Хүндэтгэлийн самбар”-т алдрыг нь мөнхөлж, үндэсний өв соёлдоо оруулсан хөрөнгө оруулалтыг нь олон нийтэд танилцуулж алдаршуулахаар төсөлд тусгасан нь “Монгол өв соёлоо эрхэмлэн дээдлэгч хэн бүхэн алдар гавьяаны эзэд юм” гэсэн агуулга юм.

Түүнчлэн “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан Монгол поп опера “Увертюра” хамтлагийн “Монгол Соёл” онлайн тоглолт 2020 оны 06 дугаар сарын 01-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр Монгол орон даяар цацах бөгөөд тус тоглолтын зохион байгуулагчдаар “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ, “Анир” дуу бичлэгийн студи ажиллаж байгаа бол тоглолтод урилгаар “Хөсөгтөн” хамтлаг тэргүүтэй монголын язгуур урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчид, мемори поп оркестр оролцоно. Ийнхүү монгол өв соёлоо эрхэмлэн дээдлэгч ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хандив тусламж, дэмжлэгээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл ийнхүү хэрэгжиж эхэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close