Редакцийн сонголт

“Чингис хаан” банк дампуурах нь цаг хугацааны асуудал болсон уу

Чингис хаан банкны үйл ажиллагаа доголдож харилцагчдаа хохироож “шар махтай нь хатааж” байна.  “Чингис Хаан банкны харилцагч хохирогчдын холбоо” ТББайгууллагаас “Монгол Банк”-нд 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлсэн. Тус холбооныхон уг шаардлагынхаа хариуг өнөөдөр Монголбанкны Хяналт шалгалтын газраас авах учиртай.

Ер нь Чингис хаан банк дампуурах дээрээ тулаад байгаа нь зөвхөн цаг хугацааны асуудал болжээ. Тус банкны актив, хөрөнгө санхүүгийн байдал ч  муудаж, хүндэрч.

Чингис хаан банкны 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг харвал нийт актив нь 527.2 тэрбум төгрөг. Харилцах хадгаламж нь 279.4 тэрбум төгрөг байж. Нийт олгосон зээл нь 265 тэрбум, өөрийн хөрөнгө нь 41 тэрбум төгрөг байгаа тайлан гарчээ. Монголбанкнаас арилжааны банканд тавьдаг төлбөр түргэн гүйцэтгэх зохистой харьцаа нь 35.3 хувьтай гарч байжээ. Тэгвэл өнөөдөр дээрх бүх үзүүлэлт хамгийн муу дүнтэй гарсан байна. Тухайлбал, төлбөр түргэн гүйцэтгэх зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь -9.4 хувьтай гарчээ. Уг нь Монголбанкнаас уг үзүүлэлтийн доод хязгаарыг 25 хувь хэмээн тогтоосон байдаг.

Түүнчлэн Чингис хаан банкны энэ оны нэгдүгээр улирлын тайлангаас харвал нийт хөрөнгө нь 372.1 тэрбум төгрөг, өр төлбөр нь 360.8 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт олгосон зээл нь 254.9 тэрбум төгрөг байна. Үүнээс чанаргүй зээлийн хэмжээ 39 тэрбум төгрөг болжээ.

Мөн анхаарал хандуулах буюу асуудал дагуулсан зээлийн хэмжээ 1.2 тэрбум төгрөг байгаа аж. Энэ бүхнээс үзвэл Чингис хаан банкны үйл ажиллагаа доголдож хэвийн бус болсныг тод илтгэж байна. Гэтэл арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг Монголбанк яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь асуултын тэмдэг дагуулж буй юм.

Үүнээс гадна тус банканд Эрүүл мэндийн даатгалын сан, “Эрдэнэс Тавантолгой”, БСШУЯ зэрэг  төсвийн байгууллагуудын  чамгүй мөнгө байршиж байжээ. Эдгээр байгууллагууд эхнээс шүүхэд хандаж байгаа боловч одоогоор төрийн байгууллагуудын яг хэдэн төгрөг байршиж байсан тухай нэгтгэсэн мэдээлэл гараагүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close