Япон дахин 14 орны иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглоно

ТОКИО. /Kyodo/. Шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс ОХУ, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг дахин 14 орны иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглоно гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр мэдэгдлээ.

Энэ долоо хоногийн лхагва гаргаас хэрэгжиж эхлэх уг шийдвэрийн дагуу Японд ирэхээсээ өмнөх 14 хоногийн хугацаанд дээр дурдсан орнуудад байсан иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй ажээ.

Мөн гадаадын иргэдэд виз олгохгүй байх хугацааг тавдугаар сарын эцэс хүртэл сунгана гэж Абэ Шинзо коронавирустэй тэмцэх Засгийн газрын ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгджээ.

Японд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлаж, хүмүүс хоорондын хавьтлыг бууруулахын тулд ард иргэдийг гэртээ байхыг уриалж, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм.

Шинээр хориг тавьсан орнуудад Антигуа ба Барбуда, Барбадос, Беларусь, Жибути, Доминикан, Кувейт, Оман, Перу, Катар, Украин зэрэг багтжээ. Ингэснээр Японы хилээр нэвтрэхийг хориглосон улс орон, нутаг дэвсгэрийн тоо 87 болох юм.

Японд коронавирусний халдварын 13 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 348 хүн нас барж, 2815 хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээлжээ.

https://montsame.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close