Редакцийн сонголт

Иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор халдсан Л.Эрдэнэчимэгт итгэл хүлээлгэх үү!

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед зарим байгууллагууд маскныхаа үнийг нэмж, ариутгагч бүтээгдэхүүнээ хуурамчаар хийсэн тохиолдлууд өнгөрсөн хугацаанд хэд хэд гарлаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг  дээ. Хүнд бэрх үед хэн нь  хэн бэ гэдгээ харууллаа, тахал тарыг нь танилууллаа хэмээн үүнийг “эерэгээр” хүлээж авах нэгэн ч байна. Үнэндээ халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр мөрдөхыг чухалчлахын зэрэгцээ эдийн засгийн “ороо бусгаа” цаг үед ганц ч гэсэн үйлдвэрээ дэмжих юмсан гэх сэтгэл иргэн бүрт бий. Гэвч хор үйлдвэрлэж, хоморголон сүйтгэх ажиллагаа “зохион байгуулж” өр рүү өшиглөв.

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Гар ариутгал, халдваргүйтгэлийн бодисын найрлагад 96 хувийн хүнсний спиртийг ашиглах ёстой. Гэтэл “Нахиа Импекс”, “Монос” компаниудын гар халдваргүйжүүлэх бодист техникийн спирт хийсэн зөрчил илэрсэн. Эдгээр байгууллагад хууль тогтоомжийн дагуу гар ариутгалын бодис хийх үйл ажиллагааг зогсоож, ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүнсний спирт ашиглаж, стандартыг хангуулах шаардлага хүргүүлсэн” хэмээн мэдэгдлээ.

Гэвч “Монос”-ынхон энэ үйлдэлдээ ичих нь битгий хэл эмзэглэсэн ч үгүй. Өөрсдийгөө өмгөөлсөн мэдэгдэл гаргаж, даапаалав. Даан ч дээ. Монголын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгж гэж өөрсдийгөө цоллочихоод шүү.

Техникийн спирт нь метилийн спирт юм. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг, химийн хортой бодис. Хэрэглэсэн тохиолдолд хүн биед хордлогын шинж илэрч, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоон, үхэлд хүргэх эрсдэлтэй.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэр ч бүү хэл “Монос косметик” компани нь ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Түүнчлэн Монгол Улсад мөрдөгдөж буй шаардлагаар халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэл буюу гар халдваргүйжүүлэгч гелийг этилийн тансаг ангиллын 96 хувьтай спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг. Гэтэл “Монос косметик” ХХК нь “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийг үйлдвэрлэхдээ техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон төдийгүй тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авчээ. “Монос косметик” компани ч торгуулиа төлсөн байна. Өөрөөр хэлбэл буруугаа хүлээн зөвшөөрчээ.

Иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор халдсан энэ үйлдэлд зөвхөн торгоод өнгөрөх нь хэр ёс зүйтэй вэ. Вирусний тархалтаас сэргийлж, Моносын “Санитас”-ыг үр хүүхдүүддээ хэрэглэсэн өчнөөн гэр бүл бий. Хэрэв техникийн спиртээс нь болж хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ, торгуулиа төлчихсөн гээд “Монос” бултах болж таарч байна уу.

Нөгөө талаар Монос групп бол Төрийн ордонд архи, тамхи, секс ярьдаг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийнх гэдгийг монголчууд андахгүй. Арав гаруй хоногийн өмнө Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө тушаасан гишүүдийн дотор Л.Эрдэнэчимэгийн нэр дурайж харагдсан. Байгуулсан компани нь иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтойгоор халдаж байхад  иргэдЛ.Эрдэнэчимэгт итгэл хүлээлгэж, УИХ-ын танхимд өөрсдийнхөө төлөөлөл болгож суулгах нь юу л бол.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close