Хассуурийн Ганхуягт АН-аас хэн захиа бичсэн вэ?

АН-ын дарга С.Эрдэнийн дэвшсэн тойрогт өрсөлдөж, халз тулахаа 2 -3 жилийн өмнөөс мэдэгдсэн Хассуурийн Ганхуягийн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр  АН-ын хэсэг залуусын ирүүлсэн захидал болон баримтад үндэслэн тус нам дахь олон зуун сая төгрөгтэй холбоотой ноцтой баримтыг дэлгэж, Тагнуулын Ерөнхий газар, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор нэрээ нууцалсан АН-ын залуус хэн бэ гэсэн асуултад хариулт  хайж эхлээд байна.

АН-ын дарга өнгөрсөн оны сүүлчээр УИХ-д нэр дэвшихийг горьлогчдод 100 сая төгрөгийн дэнчин тавьсан. Үүнийг төлж нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 180 хүн байгаа талаар Х.Ганхуяг мэдээллээ. Тэднээс С.Эрдэнэ 76 хүн нь нэр дэвших эрхээ авахын тулд дахин 300-500 сая төгрөг нэмж төлөх болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор, өчигдөрхөн бидний авсан мэдээллээр Баянхонгор аймагт нэр дэвшихээр горьлогч ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ tovch.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Дэнчингийн 100 сая төгрөгөө төлсөн. Дахин 300 сая төгрөг нэмж өгөх…….” талаар ярьсан байдаг. Магадгүй нэргүй захидлын эзнийг түүнийг байх гэсэн яриа сэтгүүлчдийн дунд байна.

Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын гишүүд болон АН-ыг шинэчлэх хөдөлгөөний Галиндэв, ҮБХ-ын гишүүн Х.Маргад-Эрдэнэ, Э.Төмөрбаатар нар дэнчингийн 100 сая төгрөгийг эсэргүүцэж, С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ыг мөнгөний машин болгож буй талаар л байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс Х.Ганхуягт баримт дэлгэсэн байж болох хүмүүс тэдний нэг байж болох юм.

АН дахь зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дэнчингийн 100 сая төгрөгөө өгч нэр дэвшихээ мэдэгдсэн 180 хүн  квотод орохын төлөө маш өрсөлдөөнтэй байгаа аж. Тухайлбал 2-хон мандаттай тойрогт одоогоор 6 хүний нэрийг зоосон байгаа аж. Тиймээс С.Эрдэнийн багт багтаж чадаагүй маш олон жирийн гишүүдийн зүгээс маш бухимдалтай байгаа бололтой.

Ямартай ч АН-ынхан  хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр намын эсрэг үзэл бодол, байр сууриа илэрхийлэхийг хориглосон С.Эрдэнэ даргынхаа тушаалыг ийнхүү эсэргүүцэн энэ мэтээр АН дахь шударга бусыг илчилж эхэлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close