Ш.Үнэнбат: Урт цагаан үйлчилгээний төвийн “ард” томоохон албан тушаалтнууд байна

Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид өнгөрсөн долоо хоногт зам хааж жагссан. Тэд тус үйлчилгээний төвийн ус болон цахилгааныг тасалсанд бухимдаж, “Энэ сарын 23-наас эхлээд хэрэглээний халуун, хүйтэн усхааж, өнөөдөр тог тасалсан. Урт цагааны үйл ажиллагааг зогсоохтой холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ингэж байгаад бид дургүйцэж байна. Дэлхий дахинд коронавирус эрчимтэй тархаж байгаа энэ үед ус, цахилгааныг маань тасласнаар бидэнд гараа угаахаас эхлээд хүндрэл үүсэж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид зам хааж,  хэрэглээний ус, цахилгаан тасарсныг эсэргүүцсэн. Тэд нийслэлээс Урт цагааныг нураахын тулд ийм арга хэмжээ авлаа гэж мэдэгдсэн?

– Урт цагааны үйлчилгээний төв дээр өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ны өдөр Засаг даргын 216 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу тус үйлчилгээний төвийн зөвхөн үйл ажиллагааг нь зогсоосон. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглосон. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал бол тусдаа яригдах зүйл. Түрээслэх үү эсвэл буулгаж байгаад шинэчлэх үү гэдэг нь НИТХ болоод Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар зэрэг газруудын 10 гаруй удаагийн дүгнэлттэй ийм газрыг цаашид түрээслэх боломжгүй гэдэг байр суурьтай байсан. Улмаар Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон.

Өнгөрсөн  сарын хугацаанд албан ёсоор түрээсэлдэг 30 түрээслэгч болоод дам түрээсэлдэг 300 гаруй иргэнд мэдэгдэл хүргүүлсэн. Үйл ажиллагааг нь хааж байна, цаашид дахин түрээслэхгүй, 3 дугаар сарын 23-наас эхлээд хэрэглээний ус, цахилгаанаар  хангуулах гэрээгээ цуцалж байгаа шүү, та бүхэн эд хөрөнгө, бараа материалаа хамгаалаарай гэж бид бүх талаар мэдэгдсэн. Бүтэн сарын өмнө гэсэн үг шүү дээ. Албан бичгээр мэдэгдсэн, хүлээж аваагүй. Шуудангийн байгууллагад хандсан. Гэвч ихэнх түрээслэгчид бас л мэдэгдлийг аваагүй, зарим нь авахгүй гээд шууданчдыг загнаад явуулсан байсан. Тэгэхээр бид Монгол шуудан компанид хандсан. 4-5 удаагийн үйлдлээр өгөх гэж оролдсон, бүтэлтэй зүйл болоогүй. Нөгөөх л сарын өмнө өгөх гээд байсан мэдэгдлээ хүргүүлээд байна шүү дээ.

Аргаа бараад нөгөөх 30 түрээслэгчид болоод  Урт цагаан үйлчилгээний төвийн хана, хаалга гээд харагдах боломжтой бүх газарт наасан. Ингэхдээ бид бүгдийг баримтжуулсан. Өөрөөр хэлбэл бид Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчдэд сонсгох ажиллагаагаа хангалттай хийчихсэн гэж ойлгож байгаа.


– Тэгэхээр захирамжийн дагуу, мэдэгдлийн дагуу ус болоод цахилгааныг хязгаарласан гэж ойлгож болох уу?

– Ер нь тийм. Урт цагааныг цахилгаан, дулаан, усаар хангах ажиллагааг манай байгууллага хариуцдаг. Гэрээгээ цуцалж байгаатай холбогдуулан энэ сарын 23-ны өдөр усаа тасалсан. Усаа таслах бас нэг шалтгаан нь тус үйлчилгээний газар дор байрладаг төвийн цэвэр усны шугам задарсан байсан. 8 сая төгрөгийн ус хөрсөн доогуур урсчихсан байсныг төлбөр гарахад л мэдсэн. Маш их хэмжээний ус шүү дээ, энэ чинь. Хүйтний улирал дуусаагүй байна. Удахгүй хөрс гэснэ, овойно. Тэгэхээр эрсдэлийн зэргийг улам  нэмэгдүүлчихэж байгаа юм. Нөгөө талаар Ус сувгийн удирдах газар усны алдагдал гаргасан гэж акт тавьсан. Хэрвээ энэ шугамаа засварлахгүй бол манайх гэрээнийхээ дагуу цаашид ус, дулаанаар хангах боломжгүй гэсэн. Засвар хийх ямар ч боломжгүй учир ус, цахилгаанаа хязгаарласан.

–  Тэгэхээр цаашид Уртцагаан үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй болж байгаа юм байна. Тэгвэл энд үйл ажиллагаагаа явуулж, амьдралаа залгуулж байсан иргэд яах вэ?

– Өнөөдрийн байдлаар Урт цагаанд 300 гаруй түрээслэгчид байгаа гэх тоо бий. Гэхдээ энд дамын дамын түрээслэгчид ч бас байна.  Эдгээр иргэдээ хохироохгүй байх тал дээр нийслэл болоод нийслэлийн Өмч ашиглалтын удирдлагын газар ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэхээр юуны түрүүнд эдгээр түрээслэгчдээ хүлээж авч уулзаж байна. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан олон хүн цуглуулж болохгүй тул хуваарь гарган, тэдгээр иргэдэд урилга хүргүүлж, хүлээж авч уулзаж байна. Сая гэхэд л хоёр хүн уулзаад гарлаа.

Нийтдээ 150 гаруй иргэнтэй уулзчихаад байна. Эдгээр хүмүүст бид эхлээд бүртгэлжүүлье, эргэх холбоотой ажиллая, хэрвээ Урт цагаан үйлчилгээний төвийн шинэчлэлийн ажил явагдаад ямар нэг аюул осолгүй байр баригдах юм бол та нарыг тэргүүн ээлжид дам биш шууд түрээсээр буюу Өмч ашиглалт, удирдлагын газартай гэрээ хийх маягаар хамтарч ажиллая гэсэн санал тавьж байна.


–  Түрээслэгчид энэ саналыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

– Түрээслэгчид дунд Урт цагааныг 20 жил хүртэл дам түрээсэлсэн иргэд байна. Тэд маш зөв зүйтэй санал байна, шууд Өмчийнхөө газартай гэрээ байгуулаад явбал бидэнд ч гэсэн нэмэртэй байна гэцгээж байгаа. Нэг үгээр хоорондоо ойлголцож байна.  Харин өмчийн газартай өмнө нь гэрээтэй байсан 30 ААН-тэй манайх ямар нэг байдлаар уулзалт хийхгүй. Тэд Нийслэлийн Засаг даргын захирамжид гомдоод шүүхэд өргөдөл гаргаад явж байгаа. Урт цагааны үйл ажиллагаанд хяналт тавихаар нийслэлийн Тагнуулын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гээд бүх төрийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Дээр нь хангагч байгууллагууд бий.

-Түрээслэгчидтэйгээ ойлголцолд хүрч байгаа юм байна. Ажлын байраа суллаж өгсөн газрууд байна уу?

-Байна. Зургаа, долоо байгууллага нүүсэн. Барилгачдын холбоо гэж том байгууллага байсан. Тэд ирж уулзаад, нүүх нь зөв байна гээд нүүсэн. Мөн эмийн сан, хоёр оёдлын цех, цайны газар, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо”зэрэг газрууд нүүгээд байна. Давхар түрээсэнд өгч байгаа мөнгөөрөө хаана ч түрээслээд явж болох юм байна гээд байраа сулласан. Цаашид ч олон байгууллагууд нүүнэ гэдэгт итгэлтэй байна.

-Одоо Урт цагааныг цаашид хэрхэх вэ. Мэдээж НИТХ-аар хэлэлцэгдэж таарна. Танай байгууллага энэ тал дээр ямар саналтай байгаа вэ?

-Манайхаас төсөл сонгон шалгаруулъя гэсэн саналтай орж байгаа.  Урт цагааныг буулгаад оронд нь нийслэлд хэрэгтэй ямар төсөл байна, түүнийг нь хэрэгжүүлье гэж. Жуулчны гудамж болохоор жуулчиндаа зориулсан үйлчилгээний газар байх юм уу эсвэл цэцэрлэгт хүрээлэн болгох юм уу. Энэ тал дээр уралдаан зарлахаар Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтарч ажиллаж байна. Ингэхдээ олон нийтээс санал авна.  Өөрөөр хэлбэл шилдэг санааг нь худалдаж авна гэсэн үг. Хамгийн шилдэг гурван санааг НИТХ-д оруулаад төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэхээр ярилцаж байна. Гэхдээ  НИТХ ямар шийдвэр гаргахыг түрүүлж хэлж мэдэхгүй байна.

-Асуухгүй өнгөрч болохгүй нь. Иргэдийн дунд Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоож байгаа нь хэсэг бүлэг хүмүүс газарт нь шунаж байгаагийнх. Хотын А бүсэдбайршилтай энэ төвийн газарт санаархсан нийслэлийн удирдлагуудын зүй бус үйлдэл үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй иргэн, тэдгээрийн ар гэр 20 мянган хүний эрх ашгийг зөрчиж байна гэх ойлголт бас байна. Энэ талаар өмнө нь хэсэг түрээслэгчид мэдээлэл хийж байсан санагдаж байна?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болоод Өмч ашиглалтын удирдлагын газар ашиглалтын шаардлага хангахгүй барилга дотор үйлчилгээ эрхэлж байгаа болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийг эрсдэл оруулахгүй байхыг л юуны түрүүнд чухалчилж байгаа. Аюул, гай гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг.  Хэзээ нэг өдөр нийслэлийн иргэд хохирох нөхцөл энд хамгийн дээд зэргээр үүсгээд байгаа юм. Тиймээс үүнийг эхний ээлжид таслан зогсооё.

Нарантуул, Бөмбөгөр худалдааны төв шиг эрсдэл бүү гараасай гэдэг үүднээс л хандаж байгаа. Харин шинэчлэх, өөрчлөх эрх нь НИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Сонирхлын зөрчил гарч магадгүй гэж байна. Урт цагааныг шинэчлэх ажил ил тод нээлттэй явагдана. Шилдэг санаа, төсөл сонгон шалгаруулах гэх уралдаан зарлана. Бүх гэрээг НЗДТГ болон НИТХ хариуцна.

-Урт цагааны түрээслэгчид тухайн барилгаа түүхийн дурсгалт барилга гэж ярьдаг?

-Манай байгууллагад түүхэн дурсгалт барилга байгууламжуудын бүртгэл байдаг. Энэ бүртгэл Урт цагаан үйлчилгээний төв багтаагүй байдаг. Тэгэхээр 1990 онд Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлд шилжиж ирсэн өмч. Бетон чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай, модон дээвэртэй. Галын маш өндөр эрсдэлтэй. Газар хөдлөлтийн чичирхийлэл даахгүй. Нийслэл газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ордог. Тэгэхээр яах аргагүй эрсдэл өндөртэй барилгын нэг.

-Шүүх дээр маргаан үүссэн гэсэн. Ямар шатандаа явж байгаа вэ?

-Шүүхэд Нийслэлийн засаг даргын 216 дугаар захирамжийг хүчингүй болгохоор хоёр байгууллага хандсан. Урьдчилсан хэлэлцүүлэг болж, Засаг даргын захирамжийг түр түдгэлзүүлсэн. Нийслэлээс үүний эсрэг гомдол мэдүүлсэн. Тэгэхээр захирамжийн үйлчлэл нь хэвээрээ байгаа гэсэн үг. Мөн шүүхэд гомдол гаргасан хоёр байгууллага дам түрээслэгчдэдээ шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлаж, турхирсан зүйл бий. Үүнд нь бас гомдол гаргасан. Ер нь тэдний зүгээс манай ажилчдыг заналхийлсэн тохиолдол  байсаар байна.

Тодруулбал Урт цагаан үйлчилгээний байгууллагыг өмнө нь түрээсэлж байсан 30 ААН-үүдээс манай Өмчийн ашиглалт удирдлагын газрын албан хаагчдад дарамт шахалт үзүүлж, утсаар байнга заналхийлж байна. Тиймээс бид Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, зарим хүмүүст зөрчлийн, заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Саяны жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүст Зөрчлийн хэрэг үүсгэсэн байгаа.

-Тагнуулын Ерөнхий газар энэ хэрэг дээр ямар оролцоотой байгаа юм бэ?

-Өмнө нь гэрээгээр түрээсэлдэг байсан 30 ААН мэдээллийг нарийвчлан судалж байгаа юм. Цаашилбал эдгээр ААН-үүдийн цаана томоохон албан тушаалтнууд ч байхыг үгүйсгэхгүй. Учир нь өмнөх жилүүдэд урт цагааны асуудал дандаа шийдвэр гаргах төвшинд замхардаг байсан. Энэ нь гурав, дөрвөн удаагийн үйлдлээр нотлогдчихсон зүйл. Түүнчлэн шүүх дээр Урт цагааныг хэргийг байнга “унагадаг” шүүгч хүртэл байна.

Б.Ариунзаяа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close