Сонгуульд эвсэл болох уу, дангаараа оролцох уу гэдгээ намууд хэлэлцэж эхэллээ

МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон. Ямар ч байсан эрх баригч намын удирдах дээд байгууллагын хуралдаан  хойшилсонгүй цагтаа эхэллээ. Гэхдээ коронавирусын халдвараас сэргийлэх хөл хорионы хүрээнд цахимаар хуралдаж  Мөрийн хөтөлбөрөө батлах юм. Хуулийн дагуу УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө Мөрийн хөтөлбөрөө батлан, аудитын байгууллагад хүргүүлэх ёстой.

МАН-ын Бага хурлын хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нар удирдан явуулах бөгөөд улс даяар нийт 38 хэсгээс цахимаар санал авах юм.

Улстөрийн ууган хүчин МАН-ын хувьд нийгмийн хамгааллын бодлогыг нэгдүгээрт тавьдаг зүүний чиг баримжаатай нам. Энэ үзэл баримтлалынхаа хүрээнд нийгмийн чанартай олон асуудлыг Мөрийн хөтөлбөртөө тусгахаар төлөвлөжээ. Ямар асуудал хэлэлцэж байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад тэрбээр “МАН-ын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл дэх намын хороодтойгоо шууд цахим хэлбэрээр холбогддог болоод хоёр жил болж байна. Нэг ёсондоо Монгол Улсын анхны цахим дижитал нам болсон.

Өнөөдөр Бага хурлын V хуралдаанаа цахим хэлбэрээр хийж байгаа нь технологийн дэвшилд шилжсэнээ баталгаажуулж байгаа нь явдал юм. Бага хурлын хуралдаан гишүүдийн 85 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хуралдаанд оролцох, санал хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгах зэрэг энэ бүх нөхцөл байдлыг бид бүрэн дүүрэн хангасан. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох асуудлыг Бага хурлын V хуралдаанаар хэлэлцэж батална. 2020 оны 3 дугаар сарын 25-ны дотор улстөрийн намууд сонгуульд эвсэл болох уу, эсвэл дангаараа оролцох уу гэдгээ шийдэх хуулийн заалттай учир энэ хоёр асуудлыг голчлон хэлэлцэнэ. Харин 4 дүгээр сарын 25-ны дотор улстөрийн нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлдэг. Энэ асуудлыг ч Бага хурлын V хуралдаанаараа хэлэлцэж байгаа юм. Коронавирусын тархалттай холбоотойгоор Бага хурлыг дахин дахин, ойр ойрхон хийгээд байх боломжгүй учир, энэ удаагийн хурлаар эдгээр асуудлуудаа бүрэн дүүрэн хэлэлцэх нь зөв гэдэг шийдэлд намын Удирдах зөвлөл хүрсэн. Мэдээж цар тахлын хэр хэмжээ цаашид ямар байхаас хамаарч бусад асуудлууд дагаад шийдэгдэх байх. Улстөрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хурлаа 5 дугаар сарын дундуур хийх хуультай. Тэр үед цаг хугацааны нөхцөл байдлаас хамаараад тодорхой шийдлүүд гараад явах болов уу”гэлээ.

Д.Лхагва

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close