БНСУ-д коронавирусээр халдварлагчдын тоо 100 давж, нэг хүн нас барлаа

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэж байгаа талаар Элчин сайлын яамнаас мэдээлсэн. Сүүлийн үеийн мэдээллээр тус улсын халдвар авагчдын тоо 104 болж, нэг хүн нас барсан нь тогтоогджээ.

Нас барсан хүний хувьд Чёондо хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор хэвтэн үйлчлүүлж байгаад өнгөрсөн Лхагва гариг (2020.02.19)-т нас баржээ. Өвчтөнийг нас барсны дараа шинэ төрлийн коронавирусийн халдвартай байсныг тогтоосныг тус улсын Засгийн газрын харьяа Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх албанаас мэдээлжээ. Шинээр халдвар авсан 22 хүний 21 нь Дэгү хотын иргэд бол нэг нь Сөүл хотын иргэн ажээ.

Тус улсын 31 дэх халдвар тээгч 61 настай Христийн сүмийн итгэгч эмэгтэй халдвар авсан гэдгээ мэдэлгүй сүмийн цуглаанд очсоноор бусад хүмүүст халдвар таржээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн нэг нь Чэжү арал дээр үүргээ гүйцэтгэж байсан тэнгисийн цэрэг байсныг тус улсын хэвлэлүүд онцолж байна.

Сөүлээс 300 км зайд орших Дэгү хот нь 2,5 сая хүн амтай бөгөөд хотын захиргаанаас гуравдугаар зэрэглэлийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ард иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх, гэртээ ч амны хаалт зүүхийг зөвлөж байгаа ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close