ТАВАН ХҮНИЙ АМИАР “ТОГЛОСОН” “ЭКО АЛТАН ЗААМАР” ХХК-НЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ САЙД НЬ ЦУЦЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-ны өдөр  “Эко алтан заамар” компанийн дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэд идэр залуу, жинхэнэ хийж бүтээх насандаа ажиллаж амьдралынхаа төлөө зүтгэж явсан тэд 53-31 насныхан байв.

МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажилласан. Тэд есөн хоног нойр хоол, ядрах зүдрэх, даарч бээрэх, айх, эмээх мэдрэмжээ гээж зөвхөн эрж олох, аврах, дахин осол гаргахгүй байх, аюулгүй ажиллагааг гүйцэтгэхэд л хамаг хүчээ зарцуулсан.

Гэвч нэг компанийн данхар том эрх мэдэл, алтны төлөөх улайрал эцэстээ дөрвөн айлыг “сүйрүүлсэн” ч, олон нийтийн өмнө үүнийхээ уучлал гуйж толгой гудайгаагүй.

Харин ч чаддаг юм бол цуцал гэсэн шиг пээдийсэн. Гэхдээ нүгэл нүдээрээ дахин гарсан. Өнгөрсөн 12 дугаар сарын зургааны  өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарсан. Тус компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алдсан юм.

Харамсалтай нь өнөөг хүртэл таван хүний аминд хүрсэн “Эко-Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байна. Сайд нь хүртэл хүчин мөхөстөж байгаагаа учирлаж сууна.  “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ талаар “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тогтоол гарсан. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг бүгдийг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудлуудыг хэлсэн.

Бид байцаагч гаргаад өгөөч гэхээр өгдөггүй. Жил болгон “Эко Алтан Заамар” эрдэнэт хүний амь насаар туг тахиад байх уу. МХЕГ энэ асуудал дээр анхаарлаа хандуулаад, БОАЖЯ-ны дүгнэлттэй нь хамт оруулаад ирвэл “Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна. Жил болгон гурав, дөрвөн хүний амь нас авдаг яадаг уурхай вэ. Тийм зүйл гэж байхгүй. Бид нар шууд цуцалчихаар шүүхдээд, үндэслэлгүй цуцаллаа гээд байдаг. Тэгээд сүүлдээ бүх буруугаа уул уурхайн яам руу чихээд байж болохгүй” гэсэн байна.

 

Б.ЗАЯА

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Баян базар гэж дархлагдсан нэг хулгайч байнаа яг унэндээ хуний нэр дээр байгаа лиценз дээр хамтарсан гэсэн

Хариулах Зочин Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close