БНСУ-аас сайн дураараа нутаг буцсан иргэдийг торгуулиас чөлөөлж, виз олгоно

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам тус улсын Хууль зүйн яамнаас зарлаад буй өршөөлийн аяны талаарх мэдээллийг ард иргэддээ түгээж байна. Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байгаа аж.

Аяны хүрээнд сайн дураараа нутаг буцаж байгаа гадаадын иргэдэд дараах хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхээр болжээ. Сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, БНСУ-ын хилээр гарсан өдрөөс хамаарч доор дурдсан хугацааны дараа БНСУ-д дахин ирэх богино хугацааны виз /С-3, 90 хоног/ олгохоор болсон байна.

2019.12.11-2020.03.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа
2020.04.01-2020.04.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа
2020.05.01-2020.05.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа
2020.06.01-2020.06.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа

Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-д ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд нь нэг жилийн хугацаатай /С-3, 90 хоногийн, олон удаагийн виз/ олон удаагийн виз олгох ажээ. Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах /D-2/, дадлагажигч /D-4/, хөрөнгө оруулагч /D-8/ виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close