Редакцийн сонголт

Дэд сайд асны охин хар тамхичин болоход эмийн бизнес нь нөлөөлсөн үү

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас  өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчиллаа.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх бүлэг этгээдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Дээрх этгээдүүдийг одоогоор Хар тамхитай тэмцэх газраас саатуулан тайлбар мэдүүлэг авч байна. Хэргийн дэлгэрэнгүйг бид эргэн мэдээлэх болно.

Өмнөх хэргийг дахин сануулбал 2015 оны 10 дугаар сард Т.Болдбаатарыг Эрүүл мэнд, спортын дэд сайдаар ажиллаж байхад түүний охин Б  хар тамхины 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн  цагдан хорьж, шалгагдаж байсан юм. Тухайн үед  Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хар тамхины бүлэглэлийг илрүүллээ хэмээн мэдээлж байсан юм. Тухайн үед буюу ЭЦГ-ын  Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулдаг Г, М, Н, Б, А, С, М, Б, Т гэсэн нэр бүхий есөн хүнийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгсан ч тэгсгээд чимээгүй болсон билээ. Эрүүгийн хуулиар тусгай ангид зааснаар дээрх баривчлагдсан хүмүүс 10-20 хүртэлх жилээр ял шийтгүүлэх хэрэгт буруутгагдаж байжээ.

“Торгон туул” буюу дэд сайдын гэр бүл эмийн бизнес эрхэлдэг

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын хувьд өмнө нь Авто тээврийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан, 2012 онд Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшин сонгогдсон, НИТХ-ын Тэргүүлэгчээр ажилладаг. 1990-ээд оноос “Хунчир” ХЭАА, “Торгон Туул” ХХК-ийг байгуулан захирлаар нь ажиллаж байжээ. Улс төрд төдийлөн олонд танигдаагүй нэгэн.

“Торгон Туул” ХХК нь эм борлуулдаг, ер нь түүний алба эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эндээс Эрүүл мэнд спортын дэд сайд болсон нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн хэмээн шүүмжлэгдэж байсан.

Тухайн үед Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилт гэж байдаг. 2012 онд 4.8 тэрбум, 2013 онд 11 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт 96 орчим эмийн санд хөнгөлөлт үзүүлдэг аж. Энэ санхүүжилтийг олгохдоо тухайн эмийн санд ногдох хүн амын харьяалал гүйцэтгэлийг тооцож байгаад олгодог юм байна. Үүний хамгийн их буюу 335 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн “Торгон туул” буюу дэд сайдын гэр бүлийн бизнес болох эмийн сан авдаг гэсэн судалгаа ч гарч байжээ.

Түүний охин яагаад хар тамхи хэрэглэдэг болов ……….

Т.Болдбаатар гурван хүүхэдтэй юм байна. Түүний охин Б таван жилийн өмнө анх хар тамхины хэрэгт холбогдон бариггдаж байхдаа 21 настай оюутан байжээ.

Хуулийнхны ярьж буйгаар хар тамхины хэрэгт холбогдож буй хүмүүс гадаадаас эм оруулж ирдэг байгууллагад танил талтай байдаг бололтой. Учир нь энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс ямар нэгэн байгууллагын эмийн импорт хариуцсан мэргэжилтэн болон тийм байгууллагатай холбоотой хүмүүсийг таньдаг болох нь анзаарагджээ. Хилээр төмөр чингэлэгтэй орж ирж буй эмийг тэр бүр нягтлаад байдаггүй аж. Тусгай гаалийн хянах төхөөрөмжөөр хараад гаргачихдаг бөгөөд барааны бичиг, нэр төрлийг нь хэлчихдэг, бичиг баримтыг нь үзээд барааны захаас нь дээж авч шинжилдэг. Эмийн жижиг саванд эм байна л гэж боддог тул тэр бүр баглаа боодлоос нь гаргаж үзэх боломжгүй. Харин тэр болгоныг нэг бүрчлэн шалгадаггүй болохоор тэр дотор юу ч орж ирэх магадлалтай байж болох гэнэ. Ингэж үзэх, хардах хэд хэдэн тохиолдол хуулийнханд гарч байжээ. Гэвч энэ таамаг, хардлагыг үнэн худлыг ил болгох ямар нэгэн баримт одоогоор олдоогүй байгаа ажээ.

Дэд сайд асан Т.Болдбаатар гэж хэн бэ?

Тэрбээр 1963 оны дөрөвдүгээр сарын 1О-нд төржээ. 2006-2007 онд Удирдлагын академийн төрийн удирдлага, 2003-2004 онд Удирдлагын академийн бизнесийн удирдлага, 1998-1999 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, 1988-1990 онд МЛИ сургууль, 1981-1987 онд ОХУ-ын Политехникийн дээд сургууль төгссөн юм байна.

2009 оноос Тээврийн хэрэгслийн оношилгоо зохицуулалтын албаны захирал, 2000-2009 онд “Торгон туул” ХХК-ийн захирал, 1995-2000 онд “Хунчир” ХЭАА-н захирал, 1987-1993 ГГН-ийн инженер, механик, авто засварын газрын дарга хийж байжээ. Монгол Улсын зөвлөх инженер байсан бөгөөд МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, СХД-ийн Ардчилсан холбооны дарга хийж байжээ. Одоогоор улс төрд өмнөх шигээ идэвхтэй оролцохгүй байгаа талаар АН-ынхан ярьж байсан. Магадгүй хар тамхичин охиноосоо болж улс төр дэх амбицаа дарсан байж болзошгүй. Ямартай ч УИХ-ын сонгууль ил далд эхэлсэн энэ үед түүний охин дахин ийм хэрэгт холбогдсон мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэлснийг улстөржүүлэх сонирхол зарим хүмүүст бий байх.

Д.Эрдэнэ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Болдбаатар Авто тээврийн үндэсний төвийн авлигалын загалмайлсан эцэг нь. Түвдэндоржоор дамжиж МоАХолбоо ны хүн болж авлигаар албан тушаалд очсон хүн… Өөрөө хар тамхичин байх магадлал өндөр…

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close