Редакцийн сонголт

Үндсэн хуулийн Цэцийн дараагийн дарга хэн бэ?

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д  “өгзөгний” хэрэгт орооцолдсон. БНСУ-д 10 хоногийн хилийн хоригт орсон тэрбээр барьцаа төлөн өчигдөр эх орондоо ирсэн мэдээлэл бий. Харамсалтай нь эх орныхоо нэрийг гадны улс оронд шившиглэсэн түүнийг монголчууд өндөг шидэн угтахаа мэдэгдээд байсан  маш нууц байдалд ирээд байгаа аж.

Монгол Улсын төрийн өндөр албан тушаалаараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дараах 4 дэх гол албан тушаал болох Үндсэн хуулийн Цэцийг  цаашид Д.Одбаяр тэргүүлэх ёс суртахууны эрхгүй хэмээн олон нийт үзэж буй. Тиймдээ ч түүнийг ҮХЦ-ийн даргаас сайн дураараа огцрохыг шаардаж буй. Ирэх даваа гариг буюу 2019.11.18-ны өдөр Д.Одбаярыг хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн албан бус мэдээлэл бий. Ямартай ч тэрбээр энэ хэвлэлийн хурлаараа Монголын ард түмнээсээ уучлалт гуйгаад зогсохгүй ҮХЦ-ийн даргаас  огцрох тухайгаа мэдэгдэнэ гэсэн хүлээлт байна.

Тэгвэл ҮХЦ-ийг удирдах дараагийн хүн хэн байх бол?

Цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлийн зургаад “Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээс дээрх шаардлагыг Цэцийн гишүүн Н.Чинбат хангаж байгаа юм байна. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хоёр дахиа томилогдон ажиллаж байгаа.  1998-2004 онд Цэцийн гишүүнээр ажиллаж байгаад  2017 онд дахин томилогджээ. Харин бусад гишүүдийх нь тухайд анх удаа Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа хүмүүс юм.

Үндсэн хуулийн Цэцийн даргыг Цэцийн гишүүд дундаасаа сонгодог бөгөөд Д.Одбаярыг 2017 оны зургадугаар сарын 14-нд гишүүдийн олонхийн саналаар сонгож байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2020 оны 06 сарын 14-д дуусах байжээ. Цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлийн гуравт “Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн заалт бий. Харамсалтай нь Д.Одбаярын тухайд төрийн өндөр албан тушаалтны хувьд  байж боломгүй ёс зүйгүй асуудалд холбогдсон тул ҮХЦ-ийн даргаас огцроод зогсохгүй УИХ түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татаж хариуцлага тооцно гэсэн хүлээлт байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close