Редакцийн сонголт

“Эрдэнэт” үйлдвэрийн экс дарга, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирлыг хорьжээ

Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газраас  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2009-2017 онд оффшор дахь данснууд руу хийгдсэн олон сая долларын гүйлгээг шалгаж буй. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал асан Ц.Даваацэрэн болон “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Отгоо нарыг баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Нэг хэсэг шахааны үүр уурхай болоод байсан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой зохион байгуулалттай, өндөр үнийн дүнтэй худалдан авалтууд нь зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэлгээтэй байдаг нь нэр бүхий нэлээд олон албан тушаалтнуудыг холбогдуулан шалгахад хүргээд байгаа ажээ. Эхнийх нь ийнхүү баривчлан хорилоо. Дараагийнх нь удахгүй ар араасаа цуврах бололтой.

“Азаргын гол чонот” ХХК-ийн тухайд асуудлыг тодруулбал: 

Ерөнхий сайд асан Ж.Эхрдэнэбатын  үүрэг гүйцэтгэгч байхдаа гаргасан Засгийн газрын алдарт 256 дугаар тогтоолоор “бонус” хүртсэн компаниудын нэг юм байна.

5097517 регистрийн дугаартай “Азаргын гол чонот” компани Булган аймгийн Тэшиг сумын нутаг Азаргын голд MV-013927, XV-012443, XV-013926, XV-013490 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байв.

Уг тусгай зөвшөөрлүүдийн талбай нь манай улсын ЗХУ-тай хиллэдэг хилийн зурваст, хилийн дөрөвдүгээр заставтай хаяа хатган, 527 дугаар баганаас ганц, хоёрхон км-ийн зайд оршдог. Тус компани 2007 оноос эхлэн энэ онцгой байршилтай алтны шороон ордод олборлолт хийж эхэлжээ.

Ингэхдээ Азаргын голын урсацыг боож хаах, голдрилыг нь өөрчлөх, голын усанд алтаа угаах, ой модыг сүйтгэх зэргээр байгаль эхэд онц хэрцгийгээр хандсан гэж нутгийнхан ярьдаг. Хүрээлэн буй орчинд хүнлэг бусаар хандахаас гадна хайгуулын тусгай зөвшөөрлөөр олборлолт хийж байжээ.

Урт нэртэй хууль батлаад ч “Азаргын гол чонот” хамжааргад ороогүй тул УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай 18 тоот тогтоолоор тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн талбайг бүгдийг нь дархан цаазат газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан байдаг. Хууль тогтоох дээд байгууллага уг газарт дархан цааз тогтоож, хамгаалалтад авах шийдвэр гаргасан тул Ашигт малтмалын газрын дарга 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны тушаалаараа “Азаргын гол чонот”-ын дөрвөн тусгай зөвшөөрлийг бүгдийг нь хүчингүй болгожээ.

Ингэхдээ Булган аймгийн Сэлэнгэ сумын Тарвагатайн голд “Микмайнинг” компанийн эзэмшиж байсан MV-015496, Ховдын Үенчд “Би Эн Би ресурс” компанийн эзэмшиж байсан XV-014537, “Грандмонтана майнинг” компанийн эзэмшиж байсан XV-009503, “Алтандинар” компанийн эзэмшиж байсан XV-014263 тоот тусгай зөвшөөрлийг хамтад нь нэг тушаалаар цуцалсан юм.

Гэтэл хэзээ, ямар үндэслэлээр сэргээснийг бүү мэд, дээр дурдсан хүчингүй болгосон найман тусгай зөвшөөрлийн дөрөв нь буюу “Азаргын гол чонот” компанийн эзэмшилд байсан лицензүүд бүгд хүчин төгөлдөр болчихсон байв. Үүнийг хэн хийсэн нь тухайн үед олдоогүй өнгөрсөн билээ. УИХ, салбар хариуцсан Засгийн газрын агентлагийн шийдвэрийг үл хэрэгсэн, хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг сэргээж, хэдэн жил хэнд ч мэдэгдэхгүй явна гэдэг ямар том артайг нь хэлээд өгч байна.

Лицензийн талбай нь дархан цаазат газартай давхацсан учраас тэнд улайм цайм олборлолт хийж болохгүй. Тэгээд ч 2007-2012 онд олборлохдоо Азаргын голын ай савыг дагуулан 15 км шахам газар ухаж, хамаг нөөцийг нь шавхчихсан учраас “Азаргын гол чонот” компанийнхан тэр газар руу эргэж буцаж, үхэлдэн шунах шаардлага ч байгаагүй болов уу.

Тэд “үхмэл” тусгай зөвшөөрлүүдээ “амилуулах”-ыг ил үүд үзсэнийг нь Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа гаргасан Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоол ёсоор болгож өгчээ. 2012 онд хүчингүй болж, удалгүй сэргээсэн ч ашиглах боломжгүй явсаар 2017 онтой золгосон үхмэл тусгай зөвшөөрлүүд уг тогтоолын ачаар “амилж”, өөр газруудад найман тусгай зөвшөөрөл болсон юм.

ямар нэг аргаар (дархан цаазтай газарт тусгай зөвшөөрөл сэргээх нь ямар ч тохиолдолд хууль зөрчиж таарна) сэргээсэн байлаа гэхэд 2017 онд тэдний хугацаа аль хэдийнээ дуусчихсан байх учиртай. Албаныхны өгч буй мэдээллээр 2017 онд уг компанийн дөрвөн тусгай зөвшөөрлийн хоёрынх нь хугацаа дуусаад хүчингүй болчихсон, хоёр нь хүчинтэй байсан гэдэг.

Тэгэхээр хоёрынх нь хугацааг сунгуулсан байх нь. Үүнийг хэн хийсэн бэ. Нөхөн олговор, газар дүйцүүлэн авах компанийн тоонд ямар тооцоо судалгаанд үндэслэн оруулсан бэ. Ийм олон хууль зөрчиж, байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулсан компанид хоёр тусгай зөвшөөрлийн оронд наймыг өгсөн нь зүй ёсны шийдвэр мөн үү. Энэ мэтийн эргэлзээ дагуулсан олон асуулт бий. Ямар учраас ийнхүү өгөөмөр загнаснаа шийдвэр гаргагч нь арай илүү гаргалгаа, үндэслэлтэй тайлбарлана биз ээ.

2012 онд нэг албан тоотоор тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн таван компаниас ганц “Азаргын гол чонот” л Америк киноны гол баатар шиг өдий хүртэл явж, ямар аргаар сэргээж, өнөө хүртэл авч үлдсэн нь тодорхойгүй хоёр тусгай зөвшөөрлөө найм болгон авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Азаргын чоно компаны Отгоо Элбэгдоржын нэг хармаатай хүн .Элбэгдоржыг хамтруулан шалгах хэрэгтэй.

  2. Төрийн албанаас элдвийн юманд орооцолдсон бол “тангарагаасаа няцсан тул.. ” гээд хэд дахин хүндрүүлж ялладаг болгох хуулийн өөрчлөлт хэрэгтэй бна.

Хариулах Зочин Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close