Редакцийн сонголт

ОРАНЖ ГУДАМЖ БУЮУ НИЙСЛЭЛИЙН ЖИШИГ ХОРОО

-Гэр хорооллыг хаус хотхон болгох эхлэл тавигджээ-

“Хөтөлийн 17” буюу телевизийн эцэст нэгэн жишиг гудамж байдаг. Гоёмсог хийц бүхий модон хашааг  бэрсүүт жүржийн улбар шаргал өнгөөр будсан нь хар цагаанаар дарайтал зурайх засмал замтайгаа хоршоод гэр хорооллын биш “хаусны” хотхоны нэгэн өнгө төрхийг тодорхойлох нь цаанаа л нэг гоё.

Чингэлтэй дүүрэг, телевизийн эцэс, Хөтөлд байх энэ гудмыг тэр хавийнхан андахгүй. Харин нийслэлийнхний хувьд “ЖИ” хорооллын орчин үеийн өнгө төрхийг тодорхойлогч болсон энэ  гудмыг мэдэхгүй байх. Тиймээс утаа үйлдвэрлэгч, агаар бохирдуулагч хэмээн адлагддаг бусад гэр хорооллынхонд жишиг болоосой гэх үүднээс бид энэ гудмаас хийсэн сурвалжлагаа та бүхэндээ хүргэж байна.

Хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 7  дугаар хорооны энэ хавийн айлууд дахин төлөвлөлт, дэд бүтцийн төвд холбогдох боломжгүйгээс “харанхуйнхан” хэмээн нэрлэдэг байв. Учир нь тог цахилгаан байхгүйгээс цаанаа л гундмал, арзайж, эржийсэн, өнгө нь гандсан модон хашаа бүхий, шороо бужигнасан байдаг л нэг гэр хорооллын гудам байв. Харин одоо тог цахилгаантай, бие даасан инженерийн шугам сүлжээ бүхий жишиг хороо, шилдэг гудам болжээ.

2018 оны зургаадугаар сарын 8-нд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд нар энэ хороонд гэрэл нэмэх “Дэд бүтцийн төв”-ийн шавыг тавьж байв. Харин өнөөдөр нэг жилийн дотор “Сервис центр” нэртэйгээр үйл ажиллагаа нь эхэлж, өнгө зүс засчээ. Тухайн үед шинээр байгуулах энэ төвд нутаг дэвсгэрийн байдал, инженерийн дэд бүтцийн хангамж зэргээс шалтгаалан 200-300 айл өрхийг  холбож, дулаан, цэвэр, бохир усаар ханган цэвэрлэх байгууламж ажиллуулна хэмээн мэдээлж байлаа. Харин өнөөдөр  54 айлыг тог цахилгаантай болгож,  инженерийн шугам сүлжээнд холбожээ. Зам дагаж хөгжил гэдэг шиг тог цахилгаанаа дагаж энэ хавийнхан өнөөдөр хашаандаа орон сууцанд амьдарч буй мэт тохь, тухтай амьдрах боломж бүрджээ. Стандартын дагуу байшингаа барьсан айл өрхүүдээс сонгож “Шинэ хороо” төсөлд хамруулснаар байшингийн дээвэр, хана, шалыг нь дулаалж дулаан алдагдалгүй болгох, цахилгаан халаалт тавьж, эко жорлонгийн ажлуудыг цогцоор нь хийж дуусгажээ.

Т.Чойдоржийнх энэ төсөлд хамрагдан хашаандаа эрүүл, эко амьдрах боломжтой болсон айлуудын нэг.  Дундговь аймгаас хүүхдүүдээ дагаж нийслэлд шилжин ирээд 7 жил болж буй эднийх ам бүл долуул. Насаараа мужаан хийсэн Чойдорж гуай энэ төсөлд 100 хувь хамрагдсанаар одоо түлээ нүүрс гэж санаа зоволтгүй “орон сууцтай” болжээ. Гэр нь цэмцгэр, ач зээ нар нь нүүрсний тортоггүй, цэвэр цэмцгэр эрүүл орчинд хөнгөн шингэн өмд цамцтай тав тухтай  өвөлжсөн гэнэ.  Өнгөрсөн өвөл сард 200-240 мянган төгрөг тог цахилгаандаа төлсөн нь түлээ нүүрсний үнээс хэмнэлттэй тусжээ. Хашаандаа ажлын байртай. Тэндээ өвөл зунгүй нум, саадгаа захиалгаар хийгээд тог цахилгааны төлбөртөө хүүхдүүддээ дэм болдог аж.  Дулаалгатай, халаалттай тул нүхэн жорлонгоо буулгаж эко жорлонтой болжээ. Сувилагч мэргэжилтэй гэрийн эзэгтэй Г.Цэрэндолгор  “Манай хэдэн ач, зээ нар орон сууцны айл шиг л гэртээ хөл нүцгэн гүйлдэж байна шүү дээ. Нүүрсний утаа, угаар үнэртэхгүй, хотын төвийн орон сууцны айл шиг л тав тухтай өвөлжлөө” хэмээн сэтгэл хангалуун ярьж байсан.

Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Шинэ хороо” төслийг тойрогтоо хэрэгжүүлэхийн тулд 2017 оноос хойш БХБЯ болон нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллаж, 2018 оны улсын төсөвт нэг тэрбум төгрөг суулгуулжээ.  Үүнийг төсөл хэрэгжүүлсэн  54 айлд хуваахаар нэг айлд дунджаар 18,5 сая орчим төгрөг зарцуулсан байна.

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо 4000 орчим айл өрхтэй, 14000 гаруй оршин суугчтай. Шинэ хороо төсөлд одоогийн байдлаар  54 айл хамрагдсан. Цаашид олон айл хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Улсын төсвөөс цаашид 100 хувь санхүүжүүлэх хүндрэлтэй тул  “Төсвөөс 70 хувийг нь гаргаад өгвөл иргэд 30 хувиа төлөхөд бэлэн байна” гэж хорооны Засаг дарга н.Дуламжав ярилаа. 30 хувиар тооцвол иргэд 5 сая гаруйг, төсвөөс 13 сая төгрөг гаргах шаардлагатай болох юм. Магадгүй тун удахгүй, ирэх зун гэхэд Чингэлтэй дүүргийн 7-р хорооны Хувьсгалчдын 11-15 гудамжны нийт 285 айл өрх маань өөрийн хашаандаа дулаан, бохир, цэвэр усаа шийдсэн тохилог “хаусанд” амьдрах боломж бүрдэх байх. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэр хорооллыг утаагүй, яндангүй хаусны хороолол болгох “шинэ хороо” төслөө өнөөдөр ийнхүү “жишиг”  төсөл болгон хэрэгжүүлжээ. Цаашлаад дулаалга, халаалтаа шийдвэрлэсэн 120 м.кв хүртэлх талбайтай хувийн орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулах асуудал УИХ дээр дэмжигдэн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжийг бүрдүүлсэн талаар ярьж байлаа.

 Цэмцгэр гудамж, цэвэр орчинд амьдрах боломж байгааг бодитоор харуулж чадсан энэ жишгээс нийслэлийн гэр хороолол бүхий  тойргоос сонгогдсон бусад УИХ-ын гишүүд туршлага судлаасай.

УИХ-ын гишүүн бүр, ард түмнээс сонгогдон төрд ажиллаж буй эрхмүүдэд сэтгэл байвал зүтгэх ажил, хийж бүтээх боломж байдгийг Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны жишиг гудамж, жишиг төсөл харуулж байна.

Д.Эрдэнэ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close