Я.Содбаатар: Шинэ жилийн арга хэмжээг хориглох шийдвэр гараагүй ч, судалж байна

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй гэх мэдээлэл гарсан ч Шадар сайд Я.Содбаатар энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй гэлээ.

Тэрбээр энэ талаар “Коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй учир 2020 оны наймдугаар сарын 1-нээс хойш эдийн засгийг идэвхжүүлэх үүднээс олон нийтийн бүх арга хэмжээг шат дараатайгаар нээсэн.  ЕБС, боловсролын бүх байгууллага, урлаг, спортын арга хэмжээ гээд бүгдийг хэвийн горимд шат дараатай шилжүүлсэн. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар  өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан ч шинэ жилийн арга хэмжээг хориглох тухай шийдвэр гараагүй.

Гэхдээ  мэргэжлийн байгууллагынхан энэ үеэр халдвар, хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байна гэсэн. Тиймээс судалж байна.  Ер нь энэ тухай шийдвэр орон нутгийн онцгой комиссуудаас гардаг. Тиймээс УОК-оос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close