Я.Содбаатар: Монгол Зэс Корпорацитай уулзалт хийсэн, тохиролцсон зүйл байхгүй

Эрдэнэтийн 34 хувийг Сахал Д.Эрдэнэбилэгт өгөх тохиролцоо явагдсан уу. Шадар сайд Я.Содбаатараас шууд тодрууллаа.

Тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийн хувьцааны асуудал дөрөв дэх жилдээ яригдаж байна. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр Монгол Зэс Корпорацитай ажлын хэсэг уулзаж, тохиролцсон гэх мэдээлэл гарсан. Тийм зүйл байхгүй гэдгийг юуны түрүүнд мэдэгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийг төр 100 хувь өөрийн мэдэлдээ авсан. Одоогоор энэ асуудлыг цэгцлэх ажил явагдаж байна. Орон нутгийн сонгууль болж байгаа болохоор энэ асуудлыг Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс  улстөржүүлж, хий хардаж байна л гэж харж байна.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг гарч байсан. Ганц Л.Оюун-Эрдэнэ сайд гэлтгүй УИХ дээр Ш.Раднаасэд, Я.Санжмятав, Засгийн газрын түвшинд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын ахласан ажлын хэсгүүд гарч ажилласан. Үүргээ гүйцэтгэсэн учир УИХ, Засгийн газар дараагийн шатны шийдвэрүүдээ гаргаж, ажлын хэсгээ дахин байгуулсан. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ сайд бид нарын дунд ямар нэг хагарал байхгүй. Тэгж хагараасай гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Учир нь бид бол нэг завин дээр сууж, нэг зорилгын төлөө ажиллаж байгаа хамт олон.

Ер нь сонгууль болж байгаа болохоор Эрдэнэтийн асуудлыг улстөржүүлж, түүгээрээ ашиг хонжоо хайж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Бид Монгол улсынхаа эрх ашгийг хамгаалж, ажиллана. Энэ асуудал хууль дүрмийнхээ дагуу нэг талдаа эцэслэн шийдвэрлэх нь Монгол улсын эрх ашигт нийцнэ” хэмээн мэдэгдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close